Бурхан багшийн 10 хар үйлд

Бурхан багшийн сургаснаар 10 хар үйлд :

1. Амь таслах / санаатай, санаагүй амь таслах/

2. Зөвшөөрөлгүй, авах булаах, хулгайлах, зээлснээ эс төлөх, луйвардах, хууран мэхлэх зэрэг багтана

3. Буруу хурьцах үүнд зохисгүй хүн, зохисгүй эрхтэн, зохисгүй газар, зохисгүй цаг үе гэсэн дөрвөн зүйл байдаг. Бусдын эхнэр, өөрийн халамжинд буй хүмүүс, ураг төрлийн ахан дүүс, эцэг эх, хүү хурьцаж болохгүйг заажээ. Хурьцах зохисгүй эрхтэнд ам, хошного, өөрийн гар зэрэг ордог ба олон түмний нүдэн дээр, ариун сүм дуган суврага, багшийн хажууд хурьцах нь хамгийн бурууд тооцогдох, мөн сарын тэмдэг ирсэн, төрөхөд дөхсөн, хөхүүл хүүхэдтэй, сахил хүртсэн, өвчтэй зовлонтой үед хурьцахад зохисгүй бөгөөд нэг удаа хурьцах дээд хэмжээ таван удаа байна хэмээн заажээ.

 Сарын тэмдэг ирэхэд хурьцахгүй

Саванд үр олдоход хурьцахгүй

Үр нь нялх бол эхтэй нь хурьцахгүй

Үнэхээр дургүй  бол хэнтэй ч хурьцахгүй

Энэлж шаналах өвчтөнтэй хурьцахгүй

Энэрч гансран уймрагчтай хурьцахгүй

Энд нэг хоногийн найман сахилын эрх үйлдэгчтэй хурьцахгүй гэж тов тодорхой бичиж,  өдрийн цагаар хурьцах нь зохисгүйг өгүүлжээ.

4. Худлаа ярих

5. Хов ярих

6. Ширүүн үг хэлэх

7. Чалчих

8. Шунахай зан

9. Үзэн ядах

10. Буруу үзэл бодол  (сүнс, хойд, урд насыг үгүйсгэх, бурхан байдгийг үгүйсгэх, мунхаг сэтгэл, муу хилэнцэт үйлд баясан инээх, алдаатай зүйлийг даган баясагч, өглөг тахилыг эсэргүүцэх дорд сэтгэл үхээд туулах дараачийн амьдралыг үгүйсгэх зэрэг) орно. Арван хар нүглийг бие, хэл, сэтгэлээрээ үйлдэн боловсруулсны үрээр их, дунд, бага гэсэн гурван хэмжээнд баригдан энэ дагуугаа үйлийн үрээ эдэлдэг. Хамгийн бага хэмжээнд хамрагдвал адгуус болж төрдөг, ингэж бодвол их, дунд нүглүүдийг дуусгаж төлнө гэдэг тэсэн тэвчихийн аргагүй мөртөө дааж үүрэхийн аргагүй тамлал болно. Арван хар нүглээ эдлэн  дуусгавч  цаана нь мөн л муу сайн үйлийн ор, ул мөр үлддэг учир хэрвээ хүн болж төрвөл дараахи үр дагавар илэрдэг байна.

-       Амь тасалснаас богино зуурдаар наслах, өвчин зовлон үл тасрах

-       Зөвшөөрөлгүй авснаас ядуу зүдүүгийн зовлон амсаж, өөрийн цуглуулсан эд хөрөнгөө бусдад булаагдах

-       Буруу хурьцал үйлдсэнээс итгэлгүй зовж, эхнэр, нөхөр нь гадуур шалиглан завхайрна

-        Худлаа ярьсан үйлээс, бусад хүмүүст хуурагдах, доромжлогдох зовлонг амсана

-        Хов ярьснаас, найз нөхөдгүй, найз байсан ч хүн чанаргүй ба бусад хүмүүс үргэлж эсэргүүцэн хэрэлдэх

-        Ширүүн үг хэлснээс үргэлж бусдад муулуулан дормжлуулах

-       Чалчаа үг нь хэтэрч ам нь байнга завгүй бурснаас бусдад итгэл төрүүлж чадахгүй зовох

-       Шунаг сэтгэл хэтэрч байснаар аливаад ханахгүй үргэлж эдлэхийг хүсэх, байсан ч байхгүй юм шиг санагдах

-        Үзэн ядах сэтгэлийн ул мөрөөс бусдаас тусламж, дэмжлэг, хайрыг үл амсах, өөртөө болон бусдад хор хөнөөл ихдэх

-       Буруу үзэл сурталтай байснаас зусарч бялдууч зантай болдог.

 Үүний эсрэгээр арван цагаан буян үйлдэх, түүний үр жимс хэрхэн боловсорсноор сайн төрөл хүртэн зовлон зүдгүүрээс ангижирна. Аливаа сайн муу хоёр эерэг сөрөг чанартай ч муу нь засарч эерэг рүү шилжих тэмүүлэх бүрэн бололцоотой бөгөөд үүнийг таньж мэдэн муугаа сайн болгож худлааг үнэн болгох, нүглээ буян болгон засрахад л номлолын гол зорилго оршино. Бидний бодол санаанд хамгийн ихээр, удаан хугацаагаар бодогддог зүйлүүд л үйлийн үрийн хуулиар хамгийн түрүүнд  боловсордог гээд сайн үйл хэргийг бодоод  үйлдээд  байвал мэдээж энэ нас, ирэх төрөлдөө амттай жимс идэж, аятай хооллож хувцаслан, өнгө зүс сайтай, эд баялаг, хань ижлийн буянтай амьдрах нь зүй юм. Эсрэгээр бодож бясалган үйлдвэл мэдээж эвгүй, золгүй зовлон дарамтанд хүлүүлэн байнгын сэтгэл тогтворгүй, нулимс тасрахгүй хуурагдах, алагдах зэргээс хүртэж бурхан тэнгэр, хорвоо дэлхий, бусад хүмүүсээ зүхэн аль мууг ч эдлэхийн үр боловсорно гэсэн үг билээ. Мод тарихад үндэс сайтай бол, барилга барихад суурь бат бол,  өнө удаан ургаж тогтох учиртай бөгөөд салхинд, бороонд норж гандав ч үндэс, суурь нь үлэмж бат учраас удаан орших нь үнэн. Аливаа төөрөгдөл мухардалд хүн гарцаагүй унах цаг их учир Будда бурхандаа  мөргөж, ном сургаалыг судлан, зууч замч болсон амьд багш нарыг олж шүтэх, арван цагаан буяныг хөгжөөж, арван хар үйлийг арилгаж, бага ч гэсэн цагаан өнгийг сэтгэлдээ дэвсэж чадваас сайн төрөлд хандах замаа олсныг гэрчилнэ. Бурхан Будда ингэж л айлдсан, “Бодь мөрийн зэрэг”-т үүнийг л заасан. Итгэсэн хүн л энэ номны учрыг ухна, эрдэнэсийг олно.

Нууц түлхүүр гэж бий бол тэр нь баттай “Итгэл” гэсэн санаа  юм. Энэ нууцын хаалгыг түлхүүрдэн онгойлгосон олон түмэн Будда, хутагт, гэгээнтэнгүүдийн өлмий бат орших болтугай. Мянга түмэн ухаарагч, гэгээрэгсдийн оюун тунгалаг болох болтугай. Бурханы гэрэл гэгээг зургаан зүйл хамаг амьтан бүгд хүртэн жаргах болоосой.